ОХУ-д хийх тоглолтыг үзэж, санал шүүмжээ хэлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-02-19 07:28:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын уран бүтээлчдийн ОХУ-ын гурван хотод тоглох “Наран мандах нутаг” тоглолтыг аймгийн удирдлагууд болон орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд үзэж сонирхон, санал шүүмжээ хэллээ. Нэг цаг гучин минут үргэлжлэх тоглолтод үндэсний урлаг тэр дундаа Дарьганга өв соёл, түүний онцлогийг илэрхийлсэн үзүүлбэр голлох хэрэгтэйг тэд онцлов.



Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Жаахан шарга театрын найруулагч асан Монгол Улсын УГЗ Л.Гомбосүрэн, ахмад сэтгүүлч Я.Түмэннаст нар шүүмж саналаа хэллээ.

Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Тоглолт Буриад үндэсний дуу бүжгээр эхлэж, Зүүн монгол дорнын гоёл чуулбараар төгсөнө. Гэвч Монгол Улсаас уран бүтээлчид очиж буй гэдэг утгаараа тоглолтоо монгол үндэсний урлаг болох морин хуур, уртын дуугаар эхлэх хэрэгтэйг хэллээ. Мөн тэрээр, уран бүтээлчдийн эмоци, нүүрийн баясгалан дутмаг, хувцасны жигдрэлт, сонголт хангалтгүй, тоглолтонд хөгжмийн үзүүлбэр цөөн байгааг хэлээд үлдсэн хугацаанд бэлтгэл сургуулилтаа сайтар хангахыг анхааруулав. Мөн гадны улсад Монгол Улс гэдэг нэрээ өндөр өргөж, соёлтой, эв найрамдалтай явахыг захилаа.

Монгол Улсын УГЗ Л.Гомбосүрэн:

Гадны улсад бид улаан залаат монголчууд гэдгээрээ алдартай. Гэвч хэд хэдэн үзүүлбэрт огт малгайгүй байна. Буриадууд бол маш их ёсорхог ард түмэн. Малгайгүй байна гэдэг тэднийг үл хүндэтгэж буй нэг хэлбэр. Нөгөө талаар ихэнх үзүүлбэрийн хувцасны сонголт буруу, өнгө үзэмж муу байна. Мөн гэрэлтүүлэг хангалтгүй, хөтлөгчийн үг нуршуу байгааг шүүмжиллээ. Гадны оронд тавигдаж буй ихнэнх тоглолтууд давхар орчуулагчтай байдаг тул хөтлөлт товч бөгөөд тодорхой байх хэрэгтэйг тэрээр хэллээ.

Харин Жаахан шарга театрын ерөнхий найруулагч, СТА З.Далай хэлэхдээ “Тоглолтод дан ганц нэг талыг барихыг хүсээгүй. Хэрэв тэгвэл үзэгчид уйдах магадлалтай. Тиймээс Буриадын болоод монгол үндэсний урлаг мөн дайны сэдэвтэй уран бүтээл ч орсон. Гэхдээ бид үзэгчдийн санал шүүмжийг сонсох гэж энэхүү хяналтын тоглолтоо тавьсан учир хүмүүсийн хэлсэн санал бүрийг тусган дахин нэг хяналтын тоглолтыг хэд хоногийн дараа тавих болно. Ингэж хамтарч байж л бид хүссэн хэмжээнийхээ тоглолтыг бий болгож чадна. Үнэтэй санал шүүмж хэлсэн хүмүүст баярлалаа.” гэв.


Улмаар тоглолтын баг хамт олон хоёр хоног дахин бэлтгэл хийн, 02 дугаар сарын 21-нд эцсийн хяналтын тоглолтоо танилцуулахаар болсон юм.

Холбоотой мэдээ