Аймгийн хурц арслан С.Очирбат түрүүлж, улсын начин Б.Серек үзүүрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-02-05 00:37:00

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Урвуулагч хэмээх шороон Гахай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо.

Монгол Үндэсний өв соёл, уламжлалт ёс заншилыг хадгалан, Монгол эрчүүдийн эр бярыг гайхуулан, Үндэсний бөхийн гайхамшигт мэхийг уралдуулан барилддаг Монгол түмний Их баяр цэнгэлийн нэг Үндэсний бөхийн гахай жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд Улсын начин -1, аймгийн арслан-3, аймгийн харцага-3, аймгийн начин, залуу бөхчүүд нийт 64 бөх зодголон уран мэхийг уралдуулан барилдлаа.

Тус барилдаанд аймгийн хурц арслан С.Очирбат түрүүлж, Улсын начин Б.Серек үзүүрлэлээ.Хурц Арслан С.Очирбатын хувьд анх удаагаа түрүүлж байгаа аж.Улсын начин Б.Серикийн хувьд Сэлэнгэ аймагт болсон сар шинийн барилдаанд мөн үзүүрлэсэн.

Мөн өсвөрийн хүчит 16 бөхийн барилдаан болж  түрүү бөхөөр Дархан-Уул аймгийн 9-р сургуулийн сурагч Ч.Эрдэнэтулга шалгарч, 18-р сургуулийн сурагч Т.Төрболд үзүүрлэлээ.
Барилдааны үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Дархан сумын Засаг даргын орлогч Д.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид Дархан-Уул аймгийн алдарт уяач, Дархан сумын алдарт уяачаар шалгарсан нийт 5 уяачдад цол, тэмдгийг гардуулж баяр хүргэлээ. 
Мөн Монголын Үндэсний бөхийн холбооны Дархан-Уул аймагт дахь салбар холбооноос жил бүр уламжлал болгон Дархан-Уул аймгаас төрсөн ахмад бөхчүүддээ хүндэтгэл үзүүллээ.

Гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Т.Ганболд Дархан сумын засаг даргын орлогч Д.Батбаяр болон ахмад бөхчүүд үзэж сонирхлоо.

Холбоотой мэдээ