Дархан-Уул аймаг “Шуурхай удирдлага- зарлан мэдээллийн төв”-тэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-02-04 00:58:49

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газар өөрсдийн нөөц боломж дээр тулгуурлан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Гал түймэр унтраах аврах 22 дугаар ангийн байранд “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв” нээжээ.

Энэхүү төвийг ашиглалтад оруулсанаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газар, Онцгой байдлын албаны Хойд бүсийн төвд мэдээ мэдээллийг үнэн зөв, тасралтгүй ханган ажиллах боломжтой болж байна.

Болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдсон үед ослын дуудлагыг цаг алдалгүй хүлээн авч гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж буй нэгжтэй холбогдох давуу талтай энэ төв ашиглалтад орсноор үйл ажиллагаа эрчимжиж, мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах юм.

Цаашид тус төвийг өргөжүүлэх, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангах, материаллаг баазыг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллахыг нээлтийн үйл ажиллагаанд оролцсон аймгийн Засаг даргад ОБГ-ын удирдлагуудын зүгээс уламжилсан аж.

Түүнчлэн аймгийн Засаг дарга С.Насанбат болон ОБГ-ын холбогдох удирдлагууд Шуурхай удирдлагын төвийн эхний мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлагын зарлан мэдээллийн төв, Бүсийн төвийн шуурхай удирдлагын зарлан мэдээллийн төв, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 55 дугаар ангийн Дуудлага хүлээн авагч нартай видео хурал хийж цаг үеийн гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээ мэдээлэл солилцжээ.

 


Холбоотой мэдээ