Дархан-Уул аймаг агаарын бохирдол хэмжих төхөөрөмжтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-31 23:05:53

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төв агаар, хөрсний бохирдлыг хэмжих есөн төрлийн тоног төхөөрөмжтэй болов.

Агаар орчны чанарын төлөв байдлын мэдээллийг шуурхай хүргэж, агаарын чанар, бохирдлын хэмжээнд тогтмол тавих хяналтыг сайжруулахад зориулсан тус төхөөрөмжүүд нь том, жижиг ширхэгтэй тоосонцруудыг явуулын болон суурин байдлаар хэмжиж, газар дээр нь хариуг гаргах давуу талтай аж.


Мөн хөрсний шинжилгээ хийх тоног төхөөрөмжүүд нь энэ чиглэлээр шинжилгээ хийн итгэмжлэлийн хүрээгээ нэмэгдүүлэх боломж бүрджээ.

2018 онд АНУ-д үйлдвэрлэгдсэн дээрх төхөөрөмжүүдийг БОАЖЯ, агаарын бохирдлыг бууруулах сангаас өнгөрсөн оны сүүлчээр хуваарилсан 200 сая төгрөгөөс 49 сая төгрөгөөр нь авчээ. Үлдсэн 150 сая гаруй төгрөгийг хогийн цэгт ажилладаг бульдозер засварлах, гэр хорооллын айл өрхүүдэд зориулсан бүрэн шаталттай зуух нийлүүлэх зэрэгт зарцуулна гэж аймгийн  хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлт /ХОХБТ/-ийн хэлтсийн дарга Д.Батсүх мэдэгдлээ. 

Дашрамд орон нутгаас анх удаа Дархан-Уул аймаг агаарын бохирдлыг хэмжих сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болж байгаа юм.


Дээрх нь агаар орчны чанарын төлөв байдлын мэдээллийг шуурхай хүргэж, агаарын чанар, бохирдлын хэмжээнд тогтмол тавих хяналтыг сайжруулах талаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлын нэг хэсэг юм.

Холбоотой мэдээ