160 мянган ахмад настан "Насны хишиг" хүртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2019-01-19 19:38:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш ахмад настнууд "Насны хишиг"-ээ хүртэнэ. Улсын хэмжээнд 160 мянган ахмадад "Насны хишиг" олгох гэж байна.

Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар тогтоолоор "Насны хишиг" олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулан билгийн тооллын хаврын тэргүүн сар буюу Цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 15-ны өдрөөр тооцон Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасан насанд хүрсэн, мөн хуулийн 12.3-т заасан дараах насны ахмад настанд жилд хоёр удаа насны хишиг олгохоор болсон байна. 

Энэ онд шинээр насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх, эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд хандаж үйлчилгээ авах юм байна.

  • 65-69 настай ахмад настан 50 мянга
  • 70-79 настай бол 80 мянга
  • 80-89 настай бол 150 мянга,
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэнэ.
Холбоотой мэдээ