Шайбтай хоккейн тэмцээнүүд Дархан-Уул аймагт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Тойргийн болон улсын аварга шалгаруулах шайбтай хоккейн тэмцээн Дархан-Уул аймагт энэ сарын 11-14-нд зохион байгуулагдлаа.
Энэ сарын 11, 12-нд шайбтай хоккейн Лигийн аварга
шалгаруулах тэмцээний 2-р тойргийн тоглолт Дархан-Уул аймгийн Шарын гол суманд
зохион байгуулагдсан юм.
Тус тэмцээний
аваргаар Ч.Пүрэв-Очир ахлагчтай Шарын гол баг түрүүлж,
дэд байрыг Отгон-Од клубын Бласт баг, гуравдугаар байрыг Хангарьд багууд эзэлжээ.
Харин шилдэг хамгаалагчаар, Шарын гол багийн тоглогч
З.Батгэрэл, шилдэг хаалгачаар Шарын гол багийн хаалгач Н.Уламбаяр, шилдэг тэгш
тоглогчоор Шарын гол багийн довтлогч К.Ильин, шилдэг довтлогчоор Шарын гол
багийн довтлогч А.Перишуга нар шалгарлаа. Мөн Монголын хоккейн домог болсон
алдарт мастер З.Очирбат агсны нэрэмжит шагналыг Бласт багийн довтлогч Нэгүнэ
хүртсэн амжилтыг үзүүлжээ.
Түүнчлэн тус суманд Монголын Шайбтай хоккейн Залуучуудын улсын аварга
шалгаруулах тэмцээн энэ сарын 13-14-нд амжилттай зохион
байгуулагдаж аваргуудаа тодруулжээ.
Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хотын “Отгон-Од”
клубын Бласт баг, Дархан-Уул аймгийн Дархан баг,
Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд баг, Дархан-Уул аймгийн
Шарын гол сумын Шарын
гол багууд өрсөлджээ.
Хүйтэн жавар сөрж, уран
үзүүлбэр, шилдэг гоолууд үргэлжилсэн залуучуудын аваргын шилдэгүүдээр “Золбоот тамирчид”
клубын Шарын гол залуучуудын баг аваргаар тодорч алтан цом,
медалийн эзэд болжээ.
Удаах байранд Хангарьд баг шалгарсан бол хүрэл медалийг Бласт баг, шагналт байрыг Дархан баг тус тус эзэлсэн байна.
Тэмцээний шилдэг хаалгачаар “Шарын гол” багийн тоглогч нэгдүгээр хаалгач Б.Батбаяжих, шилдэг довтлогчоор “Шарын гол” багийн тоглогч Ч.Батбилгүүн, тэгш тоглогчоор “Бласт” багийн тамирчин Ш.Дөлгөөн, шилдэг хамгаалагчаар Д.Тэмүүлэн нар тодорчээ.