Дархан-Уул аймаг руу гахайн мах, гахайн махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-16 09:56:43

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Булган, Төв, Дундговь зэрэг аймагт гахайн мялзан өвчин илэрч хурдацтайгаар тархаж байгаа тул Дархан-Уул аймаг руу гахайн мах, гахайн махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг хориглолоо

Гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан-Уул аймгийн онцгой комисс өнөөдөр хурлаас дээрх шийдвэрийг гаргасан байна. 

Дархан-Уул аймгийн хэмжээнд гахайн аж ахуй эрхэлдэг 46 өрх байдаг аж. Онцгой комиссын хуралдаанаар аймаг орон нутаг руу гахай болон гахайн мах, махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байх, дэлгүүр үйлчилгээний төвүүд хагас болон түүхий гахайн мах махан бүтээгдэхүүн зүйлсийг худалдаалахыг хориглох, гахайн мах, махан бүтээгдэхүүнийг аливаа хоол хүнсний үйлдвэрлэлд ашиглахгүй байх, гахайн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг холбогдох байгууллагууд өндөрсгөж тогтмол шинжилгээ хяналтад байлгах, иргэд гадагш дотогш зорчихдоо гахайн мах махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй, худалдан авахгүй байх, зэрлэг гахай бүхий бүс нутгийн Засаг дарга нарт зэрлэг гахайтай газар нутагт тандалт хйихийг даалгалаа.

Дээрх шийдвэрийг өнөөдрөөс эхлэн Дархан-Уул аймгийн хэмжээнд мөрдүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат холбогдох байгууллагуудын удирдлагууд буюу онцгой комиссын гишүүдэд үүрэг болгов.

Гахайн мялзан өвчин илрэхдээ гахайн биеэр нь хөх өнгийн толбо гарах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг анхлан илэрдэг ба гахайнаас гахайнд халдварладаг.

Ингэхдээ хүн тээгч болж өвчнийг дамжуулж халдаах боломжтой байдаг ажээ.

Холбоотой мэдээ