Айлын хашаанаас олдсон Хүннүгийн үеийн олдворыг аймгийн музейд байрлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-14 08:29:33

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан сумын 15 дугаар багийн Их сургуулийн гудамжны нэгэн айлын хашаанаас Хүннүгийн үеийн булшны таг олджээ.

Тодруулбал 2018 оны 9 дүгээр сард хашаандаа бие засах газрын нүх ухаж байхад уг олдвор гарсан аж. Эртний олдвор болохыг мэдсэн тус багийн иргэн аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан болон археологичид хандсан байна.

Тухайн үед эртний олдвор гэдгийг мэдсэн ч яг хэддүгээр зуунд харъяалагдах, ямар учиртай олдворыг шууд хэлэх боломжгүй байсан учир аймгийн музейд байрлуулан соёлын өвийг хамгаалах үндэсний төвд зургийг нь эхэлж, дараа нь олдвороо хүргүүлсэн аж. Уг олдворыг хүргүүлсний дараагаар палеонтологич, археологичид шинжлэн судалсны эцэст Хүннүгийн үеийн олдвор төдийгүй булш, бунхны таг болохыг тогтоожээ.

Булш, бунхны таг гэх тус олдвор нь зуувин дугуй хэлбэртэй, дотор нь арц уугиулж байсан гэмээр хөө, тортог болсон аж.

Одоогоор тус олдворын сэргээн засах ажил Улаанбаатар хотод хийгдэж байгаа аж. Хагарч бяцарсан хэсгийг нөхөн сэргээх зэрэг ажлууд хийгдсэний дараа Дархан-Уул аймгийн музейд байрлуулж үзмэр болгох талаар Музейн захирал, Дархан нутаг судлаач, Доктор, дэд профессор Д.Жамбалдорж мэдээлэл өгөв.

Дашрамд тус олдвор хэдийгээр хувийн эзэмшлийн хашаанаас олдсон ч газрын хэвлийд байгаа соёлын болон түүхийн олдвор ашигт малтмал нь  төрийн мэдэлд байдаг учраас аймгийн музейд байрлуулах ажээ.

 

Холбоотой мэдээ