Тусгай зөвшөөрөлгүй сургуульд хүүхдээ сургахгүй байхыг анхааруулав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2015-09-17 13:30:46

НМХГ-аас өнөөдөр амралт, аялал жуулчлалын газарт хийсэн хяналт шалгалт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгасан талаар мэдээллээ. 

2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй  ЕБС, цэцэрлэг, “Үдийн цай" хөтөлбөр, сургуулийн оюутны дотуур байрны эрүүл ахуйн нөхцөл, барилгын засвар үйлчилгээний явц, засварын ажлын чанар, багшлах боловсон хүчин, ном сурах бичгийн хангамжийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг өнгөрсөн сарын 20-28-нд хийж гүйцэтгэжээ.

Шалгалтад ерөнхий боловсролын 40 сургууль, сургуулийн өмнөх насны хүүхдийн 39 байгууллага, цэцэрлэгүүдийг хүнсээр хангах үйлдвэрийн 4 газар, оюутны 8 дотуур байр, үдийн цай бэлтгэн нийлүүлэхээр сонгон шалгаруулалтад шалгарсан 28 аж ахуйн нэгж хамрав.

Улсын ахлах байцаагч О.Алтантуул хэлэхдээ, “Нийслэлийн хэмжээнд суурь боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд шинэчлэгдэн гарч буй сурах бичгүүд тараагдаагүй, сурах бичгийн хангалт, татан авалт бүрэн хийгдээгүй байна. Мөн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуульд англи хэлний орчуулагч мэргэжлийн хүн гадаад хэлний багшаар, монгол хэлний хоёр багш бага ангийн багшаар, 51 дүгээр сургуульд номын санч-ном зүйч мэргэжлийн хүн орос хэлний багшаар, англи хэлний орчуулагч англи хэлний багшаар, биеийн тамир спортын дасгалжуулагч биеийн тамирын багшаар, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгт бага боловсролын багш хөгжмийн багшаар, Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгийн гурван багш,  162 дугаар цэцэрлэгийн нэг багш мэргэжлийн бус, Эрдмийн-Өргөө цогцолбор сургуульд англи хэл, орон судлаач мэргэжлийн хүн англи хэлний багшаар, англи, герман хэлний орчуулагч хүн англи хэлний багшаар тус тус ажиллаж байгаг тогтоосон” гэв.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн “Чинхур”, Сүхбаатар дүүргийн “Шонхор”, “ABC” зэрэг сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн боловч үйл ажиллагаа явуулсаар байна. Иймээс эцэг, эхчүүдийг эдгээр сургуульд хүүхдээ явуулахгүй байхыг анхааруулав.

 “Үдийн цай" хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлж буй үйлдвэрлэл эрхлэгчдийг холбогдох хяналтын хуудсаар үнэлсэн дүнгээс үзэхэд үйлдвэрийн байрны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасан түвшин “Айплмүүн" ХХК-д 38.2 хувь, “Бенедакт" ХХК-д 80.3 хувь, “Бамбууш” ХХК-д 30.8 хувь, “Кокодесерт" ХХК-д 66.7 хувь, “Хаан сүү" ХХК-д 64.7 хувь, “Эн Жэй Эс” ХХК-д 75.6 хувьтай байна. Үйлдвэрүүд нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсний зориулалтын агуулахад хадгалж байгаа боловч түүхий эдийг төрөлжүүлэн хадгалж, шошгожуулаагүй зэрэг зөрчил  илэрчээ.

Шалгалтын хугацаанд нийт 319 зөрчил илрүүлж, 62 хувийг шалгалтын явцад арилгуулан илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 210 заалттай 35 албан шаардлага өгч, 1 акт, 7 дүгнэлт гарган, 10 байгууллагад, 2 албан тушаалтанд нийт 1.980.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд