Эх орончдын өдрөөр 20 залуу МАН-д элслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 17:51:10

Улс төрийн ууган хүчин МАН-ын үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Эх орончдын баярын өдөр жил бүрийн 3 сарын 1-нд тохиодог. Тус баярын өдрөөр аймгийн болон МАН-ын удирдлагууд, идэвхтэн гишүүд нар Монголын Тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч асан, Монгол улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн,  11 дэх Ерөнхий сайд П.Гэндэн нарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.

Түүнчлэн эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө нам, улс төрийн байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажилласан гишүүддээ МАН-ын Тэргүүний ажилтан, Ахмад зүтгэлтэн, Эх орны төлөө цол тэмдгээр шагнаж урамшуулсан юм. Энэ өдөр 20 гаруй залуус МАН-д гишүүнээр элсэж, аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга Д.Тогтохсүрэн, аймгийн ИТХ-ын дарга, МАН-ын дэд дарга Г.Ганболд, УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Я.Содбаатар, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга МАН-ын бага хурлын гишүүн С.Чинзориг, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Төмөрхүү нараас намын батлахаа гардан авлаа.

УИХ болоод Орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаа дөхсөн үед спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулахыг Сонгуулийн хуулиар хориглосон байдаг. Тиймээс баяраа хурал цуглааны байдлаар тэмдэглэн өнгөрүүлж байгаагаа аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга Д.Тогтохсүрэн онцолж байлаа.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ