ӨВӨРХАНГАЙ: Монголчууд уур нүдүүрээр гэрийн энергиэ засдаг байв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Модон уур нь цай, эмийн ургамал, хүнсний зүйлийг нунтаглаж жижиглэх зориулалт бүхий сав юм.
Уурыг голчлон хус, улиас зэрэг модоор ухаж хийдэг. Монголчууд цай нүдэх уураа ихэд эрхэмлэдэг байжээ. Уурыг хөмөрч тавихыг цээрлэдэг. Учир нь хөмөрвөл цай уух амны хишиггүй болно гэж үздэг байв. Мөн уур, нүдүүр хоёрыг угсруулж тавихыг цээрлэнэ.
Охин үрээ айлын бэр болж төрсөн гэрээсээ мордоход нь уур, нүдүүр бэлэглэж, ирээдүйн амьдрал, зам мөрийг нь тэгшитгэдэг байжээ.
Монголчууд чимээ, үнэрээр гэрийн энергиэ засдаг байсны хамгийн тод жишээ бол уур, нүдүүр юм. Гэрийн мухарт хурсан муу муухай бүхэн уур нүдүүрийн чимээнд сарнин алга болж, цайны сайхан үнэрээр сэтгэлээ ариутган засдаг байсан агуу соёлтой ард түмэн билээ.
Уур нүдүүрийн чимээ сонсоод, тулганы өмнө ямагт эзэнтэй юм байна хэмээн гал голомт баярладаг гэх хууч яриа бий.
Нүдүүрэнд нүдсэн цайны идээгээр цай чанахад тухайн цай нь шууд гадагшлахгүй биед ашигтай хэлбэрээр үлддэг буюу муухан хоолноос илүү хэмээн хууччуул ярьдаг байсан нь учиртай.
Энэ мэтээр уур, нүдүүрийн тухай олон дом засал, домог яриа, үүх түүх өв соёл байдаг байна.