Б.Лхагвасүрэн:Цаашид ам.долларын ханшийн савлагаа үүсэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-09 14:29:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Монгол Улс Валютын зохицуулалтын тухай хуулийг 1994 онд баталсан бөгөөд үүнээс хойш 19 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулжээ. Үүний улмаас дээрх хуулийн зарим заалт 40 гаруй хуультай зөрчилдсөн байна. Тиймээс хуулийн зөрчил, хийдлийг арилгах зорилгоор М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүн тус хуулийг шинэчлэн найруулж, энэ оны 6 дугаар сард өргөн барьсан. Хуулийн төслийг баталснаар валютын захын бүтэц зохион байгуулалт, гадаад валютын урсгал, арилжаанд оролцогчдод тавих хяналтыг сайжруулах, ханшийн хөөрөгдөл бий болох нөхцөл байдлаас сэргийлэх боломж бүрдэх аж. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх, валютын урсгалтай холбоотой статистик, тоон мэдээллийн чанарыг олон улсын жишигт нийцүүлэх боломжтой болно хэмээн хууль санаачлагч үзэж байгаа юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд төсөл санаачлагч болон Монголбанкы удирдлагуудаас асуулт асууж, санал хэллээ.

Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн “Монгол банкинд гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн төлбөр тооцоог байршуулах тухайхуулийн төслийг энэхүү хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх боломж байгаа эсэхийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг энэ хуультай хамтатган хэлэлцэх боломжтой. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг Төв банк биш арижлааны банкуудад байршуулахаар тусгасан” гэсэн хариу өглөө.

Мөн үеэр Б.Баттөмөр гишүүн сүүлийн саруудад ам.долларын ханш эрс чангарч байгааг шүүмжлээд, энэ чиглэлд Монголбанк ямар бодлого баримталж буйг тодрууллаа.

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ оны нэгдүгээр сараас хойш 5.6 хувиар суларсан гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлээд, “Энэ онд манай улс нийт 3.8 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон. Үүний 70-80 хувийг үйлдвэрийн тоног төхөөрөмж эзэлж байна. Монголбанкинд валютын нөөц хангалттай байгаа. Тиймээс цаашид ханшийн савлагаа үүсгэхгүй хэмээн тооцоолсон” гэлээ.

Харин Ж.Бат-Эрдэнэ гишүүн валютын ургалыг сайжруулах чиглэлд төрийн оролцоог хэрхэн хангахаар тусгасныг асуув. Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Хуулийн төсөлд Монголбанк болон Санхүүгийн зохицуулалт хорооны эрх үүргийн талаар заалт оруулсан. Валют орох болон гарах урсгалтай холбоотой тодорхой заалт байхгүй” хэмээн хариулав.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ