Гамшгаас хамгаалах сургуулилт Штабын дадлага ажлаар үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-09-26 00:13:52

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль штабын дадлагаар үргэлжилж байна. Штабын дадлагад аймаг орон нутгийн удирдлагууд, онцгой комиссын гишүүд, улсын алба, мэргэжлийн ангийн дарга нар, сумдын Засаг дарга болон албан байгууллагын дарга нар оролцож, ОБЕГ-аас өгсөн цагийн байдлын даалгаврыг биелүүлэн ажиллаж байна.

Цагийн байдал нь 2018 оны есдүгээр сарын 25-ны 09 цаг 30 минутад Сүхбаатар аймагт 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн улмаас амь асаа алдсан, бэртэж гэмтсэн иргэдийн тоо тодорхойгүй, бүгд түр зуурын хяналтаа алдаж, цочролд орсон байдалтай.

Аймгийн төвийн барилга байгууламж, зам талбай, бохир цэвэр усны хоолой, цахилгаан шугам сүлжээний 50-60 хувь нь эвдэрч сүйдсэн. Баруун-Урт сумын сургууль цэцэрлэгүүдийн 40-50 хувь, орон сууцны барилга байгууламжийн 65 хувь нь эвдэрч нурсан. Цахилгаан эрчим хүч тасарч, харилцаа холбоо тогтоох ямар ч боломжгүй болсон. Газар чичирхийллийн улмаас шатахуун түгээх станц дэлбэрч, гал түймрийн аюул нүүрлэсэн нөхцөл байдал үүсээд байна. Цаашид дахин газар хөдлөлт тохиолдож болзошгүй байгаа нөхцөл байдал юм.



Дээрх цагийн байдалд мэргэжлийн анги, албадууд өөр өөрсдийн чиглэлээр гамшиг тохиолдсоноос хойш дүн шинжилгээ хийж зургаан цагийн хугацааны анхдагч үнэлгээ, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, 48 цагийн нарийвчилсан үнэлгээ, төлөвлөгөөт арга хэмжээ, 72 цагийн хугацааны тодотгосон үнэлгээ, тогтворжуулах арга хэмжээг хэрхэн авах талаар сургуулийн удирдагчид илтгэх юм. Штабын дадлага ажлын үргэжлэх хугацаа тодорхойгүй бөгөөд есдүгээр сарын 25-ны 23 цагийн байдлаар анхдагч үнэлгээг гаргаад байна.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ