Л.Болдыг “МоАН санаачилга”-ын ерөнхийлөгчөөр сонгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР“МоАН санаачилга” нэртэй бие даасан байгууллага болон бэхжлээ.
Монголын ардчиллын хувь заяа, түүнээс шууд хамаарах улс орны аюулгүй байдал, хөгжил, дэвшлийн төлөө санаа нэгдэж, нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцдог 100 хүн “МоАН санаачилга” нэрийн дор нэгдэн, өнгөрсөн баасан гаригт анхны хурлаа хийжээ. Анхдугаар хуралдаанаар тус байгууллагын дүрэм, бүтцийг баталж, удирдлагуудаа сонгосон байна.
Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Болдыг “МоАН санаачилга”-ын ерөнхийлөгчөөр, түүний санал болгосноор Д.Нямхүү, С.Мэндсайхан, Л.Нармандах нарыг дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. Удирдах зөвлөл нь хорин нэгэн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Оюунгэрэл, А.Бакей, С.Баярцогт, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар зэрэг хүн багтжээ.