Засварын ажилд 50 сая төгрөг зарцуулав

Орон нутагт | Дорноговь
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 14:24:22

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ЗДТГ-аас өвлийн бэлтгэлийг хангах Засгийн газрын тогтоол болон аймаг сумын Засаг даргын албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутагтаа тодорхой ажлыг зохион байгуулж байна.

Сумын Засаг даргын албан даалгаврыг хэрэгжүүлэхээр төсөвт байгууллага бүр 200 кг өвс, 30 кг гар тэжээл бэлтгэх үүрэг авсан бөгөөд энэ ажлыг сумын Эрүүл мэндийн төвийн албан хаагчид тэргүүлж хүн бүл цөөтэй, алслагдсан багийн малчдад бэлтгэсэн өвс тэжээлээ хамгийн түрүүнд хүлээлгэн өгсөн юм. Өвөлд бэлтгэх ажлын хүрээнд малчин бүр нэг хонин толгойд  гурван кг өвс ноогдохоор өвс тэжээлийн нөөц бүрдүүлж буй.

Үүнээс гадна тус сумын ЗДТГ-аас төсөвт байгууллагууд буюу хүн эмнэлэг, цэцэрлэг, сургууль, сургуулийн дотуур байрны гадна, дотор засварын ажлыг хүйт орохоос өмнө засварлаж дууссан бөгөөд үүнд Орон нутгийг хөгжүүлэх сангаас 50 орчим сая төгрөгийг зарцуулсан байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд