Сумдын засаг дарга нарын ажил жигд байна гэж дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 08:47:13

Архангай аймгийн Засаг дарга Д. Бат-Эрдэнэ энэ сарын 18-ны өдөр сумдынхаа Засаг дарга нартай байгуулсан 2015 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээг дүгнэж, 2016 оны үр дүнгийн гэрээг байгууллаа.

Аймгийн Засаг даргын 2013 оны А168 дугаар захирамжаар баталсан журмын дагуу вэб сайтад байрлуулсан мэдээ, сарын мэдээ, хугацаатай бичгийн хариу, өгсөн  үүрэг даалгаврын биелэлт, тайлан ирүүлэлт, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, захирамж албан даалгаврын гүйцэтгэл, Монгол Улсын үндэсний хөгжлийн  цогц бодлого, Засгийн Газрын болон аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг сар, улирал, хагас жилээр нэгтгэн дүгнэсэн үнэлгээг харгалзан нягтлахад сумдын тайлан мэдээний нэгтгэл боловсруулалт сайжирсан байна гэж ЗДТГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн дарга Л. Чадраабал танилцууллаа.

Шинэ журмын дагуу долоон үзүүлэлтээр нэгтгэн дүгнэхэд, Эрдэнэбуган (86,4) Цахир (84,5), Хотонт (83,2), Булган ба Чулуут (81) Тариат (80,6) сум сайн, бусад нь 72-80 авч хангалттай гэсэн үнэлгээ авлаа. Маш сайн эсвэл дутагдалтай, хангалтгүй үнэлгээ авсан сум алга байна.

Хамтран ажиллах гэрээний үүргээ амжилттай хэрэгжүүлж  81-ээс дээш оноогоор эхний таван байрыг эзэлсэн сумын Засаг дарга Э. Оюунчимэг, Д. Ганбаатар, Д. Батбаатар, Г. Давааням, Л. Ганбаатар нарыг Засаг даргын захирамжаар нэг сарын цалинтай тэнцэх мөнгөн шагналаар шагналаа.

Архангай. Л. Булган

Холбоотой мэдээ