Япон АНУ-аас дахин нефть худалдан авч эхэлжээ

Дэлхийд | Эдийн Засаг
jargal@montsame.mn
2016-01-19 11:21:01

ТОКИО. /TASS/. Бараг 40 жил завсарласны дараа Япон АНУ-аас дахин нефть худалдан авч эхэлжээ. Нефтийн экспортод тавьсан хоригийг АНУ-д өнгөрсөн оны 12 дугаар сард цуцалсан байна.

Техасын эхний багц нефтийг тодруулбал, 300 мянга орчим торх занарын нефтийг Японы нефтийн худалдаа эрхлэгч томоохон компани болох “Cosmo Energy Holdings” худалдан авсан тухай Токиогийн хэвлэлүүд мэдээлжээ. Тус компани худалдан авсан нефтийнхээ ихэнхээр бензин үйлдвэрлэх аж.

Эрчим хүчний аюулгүй байдлын үүднээс АНУ 1970-аад оны үеэс нефть экспортлохоо зогсоосон байна. Гэвч дотоодын үйлдвэрлэл эрс өссөнтэй, тодруулбал, занарын орд газраас нефть олборлолтын хэмжээ эрс өссөнтэй холбоотойгоор энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын тавьсан шахалтаар хоригийг цуцалсан байна.

Ойрхи Дорнодын орнуудаас хэт хараат байдлаа багасгах болон нефтийн импортоо олон эх үүсвэртэй болгох зорилгоор Америкаас худалдан авдаг нефтийн хэмжээгээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа япончууд өнгөрсөн оны 12 дугаар сард илэрхийлжээ.

Одоогийн байдлаар Японд нефть нийлүүлэгч томоохон орон нь Саудын Араб юм. Тус улсаас Японы худалдан авдаг нефтийн 34 орчим хувийг нийлүүлдэг байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ