Донбассын байдлыг зохицуулах хэлэлцээг нааштай үнэлжээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-09-13 11:10:36

БЕРЛИН. /TASS/. “Нормандын дөрвөл”-ийн /ОХУ, Герман, Франц, Украин/ Гадаад хэргийн сайд нар Украины зүүн нутгийн мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хэлэлцлээ. Хэдийгээр илэрхий ахиц гараагүй ч талууд хэлэлцээний явцыг нааштай үнэлжээ.

Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Украины хямралыг зохицуулах баталгаа байхгүй байгаа боловч энэ удаагийн хэлэлцээ өмнөх хэлэлцээг бодвол зөрчилдөөн багатай болж, гал зогсоох дэглэм мөрдөгдөж буйг талууд бүгд хүлээн зөвшөөрч, сайшаасан гэсэн байна.

Түүний хэлснээр, бямба гарагийн уулзалт нь бүх талын хүчин чармайлтын нөхцөлд Украины зүүн нутгийн түгшүүртэй байдлыг арилгах болон дөрвөн орны удирдагчдын уулзалтыг зохион байгуулахад тус дөхөм болох хэлэлцээний чухал үе шат боллоо.

Уулзалтын үеэр хэлэлцсэн асуудлуудын хувьд Украины дотоод улс төрийн байдлыг зохицуулах асуудлуудыг хөндсөн байна.

Түүнчлэн тус улсын зүүн нутгийн хүмүүнлэгийн байдлыг хэлэлцжээ. Энэ асуудлыг орхиж болохгүй, учир нь өвлийн хүйтэнд Украины зүүн нутгийн иргэд маш хүнд нөхцөлд байдаг гэж Штайнмейр мэдэгджээ. Хүмүүнлэгийн байгууллагуудын төлөөлөгчдийг бүс нутагт оруулах асуудлыг шийдэх ёстой гэж тэрбээр хэлсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд