Иракийн Рамади хотын оршин суугчдыг нүүхийг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-21 14:16:56

БАГДАД. /NHK/. Иракийн Засгийн газар баруун нутгийнхаа Рамади хотыг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөхөөр тэмцэх байгаатай холбогдуулан тус хотын оршин суугчдыг нүүхийг уриалжээ.

72 цагийн дотор хотыг орхихыг уриалсан ухуулах хуудсыг Анбар мужийн Рамади хот руу илгээсэн гэж Иракийн цэргийнхэн мэдэгдэв.

“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх цэргийн ажиллагаа чухал шатанд хүрэх нь гэж зарим шинжээч үзэж байна.

Энэ жилийн тавдугаар сард “Лалын улс” бүлэглэл Рамади хотыг хяналтдаа оруулжээ. Хотын хяналтыг буцаан авахаар Иракийн Засгийн газрын хүчин өргөн хүрээний цэргийн ажиллагаа явуулсан билээ. Иракийн арми одоогийн байдлаар тус хотын төвөөс бусад эргэн тойрны ихээхэн газар нутгийн хяналтыг буцаан аваад байна.

Нийслэл Багдад хотыг Сиритэй залгаа Иракийн хилтэй холбодог хурдны замтай зэргэлдээ орших Рамади нь стратегийн хувьд нэлээд чухал ач холбогдолтой хот юм. Хэрвээ Иракийн Засгийн газрын хүчин хотын хяналтыг буцаан авбал “Лалын улс” бүлэглэлийн хувьд хүнд цохилт болно.

Тус бүлэглэлийн босогчид хотын төвд шигдэж, оршин суугчдыг амьд бамбай болгож байна гэж тагнуулынхан мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ