Хямд үнэтэй, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн ихээр худалдаалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-11 18:28:17
Увс /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн МХГ-аас хүнсний худалдааны газруудад хяналт шалгалт хийж байна. Аймгийн төвийн ЕБС-иудын ойролцоох болон гэр хороолол дундах хүнсний дэлгүүрүүд хүнсний бүтээгдэхүүнээс гадна хүүхдэд зориулсан хямд үнэтэй, ширхэглэн зардаг, хаяг шошгын зөрчилтэй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд ихээр худалдаалагдаж байгаа аж. Эдгээр нь 200-500 төгрөгийн хооронд худалдаалагддаг, өнгө үзэмжний хувьд хүүхдийн анхаарал татахуйц тоглоомон хэлбэртэй учир хүүхдүүд ихээр худалдан авдаг байна.
Хяналт шалгалтын явцад хүнсний дэлгүүрүүд эдгээр хаяг шошгоны зөрчилтэй хүүхдэд зориулсан жижиглэн бүтээгдэхүүнийг ихэвчлэн хүнсний бөөний цэг болон иргэдийн гар дээрээс худалдаж авдаг гэсэн тайлбар өгсөн байна. Аймгийн МХГ-ын улсын байцаагч нар шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, тухайн иргэдэд сануулга, үүрэг даалгавар, зөвлөгөө өгч ажиллажээ. Харин эргээд дахин зөрчил гаргасан тохиолдолд хуулийн дагуу торгуулийн хариуцлага оногдуулна гэдгээ ч мөн сануулсан байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ