УВС: Увсаас төрсөн дуучдын тоглолт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-07-30 18:41:46

Улаангом, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын эхний өдөр буюу өнгөрсөн шөнө тус нутгаас төрөн гарсан дуучдын нэгдсэн тоглолт Цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Энэ үеэр Ардын жүжигчин Самандын Жавхлан, МУГЖ Л.Болдбаатар, Л.Банзрагч, Г.Уранчимэг, Л.Оюунбилэг, Б.Батбаяр тэргүүтэй 20 гаруй дуучид ая дуугаа өргөсөн юм.

Увс аймгаас Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл тэргүүтэй олон арван дуучид төрсөн бөгөөд өчигдөр оройны тоглолтод тэднээс сорчлон авч дуулуулжээ.

Түүнчлэн, Увс нутгаас төрсөн дуучид төрөлх нутгийнхаа 100 жилийн ойн баяр наадмаар ямар ч үнэ хөлсгүйгээр ард түмэндээ ая дуугаа өргөж, наадамчин олноо цэнгүүлсэн юм.

Өчигдөр орой 20 цагаас түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийг дахин давтсан бөгөөд Цэнгэлдэх хүрээлэн битүү хүнтэй байлаа. Нээлтийн тоглолтын дараагаар Увсаас төрсөн дуучдын тоглолт үргэлжлүүлээд болсон юм.

 

Холбоотой мэдээ