Дархан хот “Гэрэлт гудамж” –тай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-08-07 19:10:09
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан сумын 16-р баг Үйлчилгээний төв-Эрдэнэс плазагаас Дархан-Номин худалдааны төвийн дөрвөн замын уулзвар хүртэлх автозам дагуу Дархан хотын “Гэрэлт гудамж”-ийг байгуулахаар ажиллаж байна. Одоогоор гэрэлт гудамжны ногоон байгууламж хийж дууссан, гэрэлтүүлэх хийх өндрийн шон, явган хүний замын тохижилтын ажлыг хийж  байгаа аж.

Бүтээн байгуулалтын гүйцэтгэл 85 хувьтай явагдаж байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдөр гэхэд бүрэн дуусах мэдээллийг гүйцэтгэгч байгууллага болох “Некст стандарт” ХХК-иас өгч байна.

Дархан хотод “Гэрэлт гудамж” бий болсноор хотын өнгө үзэмж нэмэгдэхээс гадна зуны улиралд иргэд амарч тухлах ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх юм.

“Гэрэлт гудамж” төслийн хүрээнд хийгдсэн ногоон байгууламж, зүлэгжүүлэлтэд иргэд сайшаалтай хандаж байна.

Зуны улиралд аялал жуулчлалын чиглэлээр амарч, зугаалж яваа дотоод гадаад иргэд олноор ирдэг учир ийнхүү аймгийн төсвийн хөрөнгөөр гэрэлт гудамж хийхээр болжээ.
Олон улсын авто болон төмөр замын зангилаа болсон Дархан-Уул аймгийн тухайд иргэдийн амарч тухлах орчныг бүрдүүлэх ажлыг жил бүр нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж ирсэн. Түүний нэг нь гэрэлт гудамж бол ирэх жилүүдэд "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнг орчин үеийн хүүхдийн тоглоомын парк хэлбэрээр тохижуулах талаар ӨМӨЗО-ын У Хай хоттой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд төслийн материалаа хүргүүлсэн. Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон эхний уулзалтын үеэр энэ ажлыг дэмжинэ тухай тус хотын захирагч Гао Ши Хун мэдэгдсэн билээ.
 
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ