Намрын чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-29 11:33:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2, УИХ дахь намын бүлэг, Байнгын хороодоос 64, Засгийн газраас 104, нийтдээ 172 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Тогтоолын төслийг боловсруулахдаа хуулиар хэлэлцэхийг нь тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдийг нэр зааж тусгах, харин хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байх зарчим баримталсан. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчдаас өргөн мэдүүлбэл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг УИХ-ын даргад зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнийг УИХ-ын гишүүн Н.Лүндээжанцан танилцуулав. 

Тогтоолын төсөлд дурдсанаар УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганаар:

1.    Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,
2.    Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,
3.    Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,
4.  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл,
5.    Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
6.    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
7.    Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
8.    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
9.    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
11. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
12. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
13. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
14. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл,
15. Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл,
16. Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр тусгажээ. 

Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад дээрх асуудлаар нэмж, 
  1. Жижиг, дунд, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл,
  2. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслүүд,
  3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  4. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  5. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ирэх Намрын чуулганаар хэлэлцүүлэхээр гишүүд санал гаргасныг дэмжсэн юм.
Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. 
Н.Гантуяа
Холбоотой мэдээ