ШУТИС-ийн Дархан Технологийн сургууль цахилгаан тоноглолын лабораторитой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
174@montsame.mn
2018-06-25 13:53:13
Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас ШУТИС-ийн Дархан Технологийн сургуульд Цахилгаан тоноглолын лабораторийг тохижуулж өгчээ.
Чадварлаг боловсон хүчин мэргэшсэн инженерүүдийн суурийг бэлтгэдэг тус сургуулийн төгсөлтийн баяр энэ сарын 23ны өдөр тохиосон. Төгсөлтийн баярын үйл ажиллагаанд зориулан нээсэн тус лаборатори нь цахилгааны мэргэжил эзэмшиж буй оюутан залуус ихээхэн ач холбогдолтой гэж тус сургуулийн захирал Ц.Батбаатар нээлтийн үеэр онцолж байлаа.

Тус компани 2010 оноос техникийн шинэчлэлийг эхлүүлж түгээх сүлжээнийхээ 30 хувийг шинэчилсэн бөгөөд шинэчлэлийн ажлын явцад буусан тоноглол болон, яг одоо эрчим хүчний салбарт ашиглаж байгаа Европ технологийн шинэ тоноглолуудаар тус лабораторийг тохижуулсан ажээ. 

Тухайлбал: ВК Тосон таслуур, Самара вакуум таслуур, Siemens вакуум таслуур, Реклоузер, 35 кВ-ын хүчдэлийн трансформатор, гүйдэл, хүчдэл, хүчний трансформаторыг зүсэлт хийж дотоод бүтцийг харуулснаараа оюутнууд тасалж залгах үйлдлийг үйлдвэрлэлийн шатанд хийж байгаа мэтээр лабораторидоо туршин судалж практик хийх боломжийг бүрдүүлсэн байна.

Шинжлэх ухаанд суурилсан мэргэжил бүхнээр суралцаж эх орныхоо хөгжлийн төлөө сурсан мэдсэнээ зориулж яваа Дархан хотын төдийгүй Монгол Улсын чадварлаг инженерүүд тус сургуультай холбоотой.

Түүний нэг тод жишээ нь  “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ”  /ДСЦТС/ ХК-д өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийг төгссөн 134 төгсөгч ажиллаж байгаа аж. 

Тухайлбал 70 гаруй инженер техникийн ажилтнууд 50 гаруй монтёр байцаагч, алба, салбар, хэлтэс, төвийн дарга нар гээд олон хариуцлагатай албан тушаалд Дархан Технологийн сургуулийн төгсөгчид ажиллаж байгаа тухай ДСЦТС ХК-ийн ерөнхий инженер бөгөөд дэд захирал Б.Батжаргал дурдлаа.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ