“Авто машинд” гарсан түймэр унтраах үзүүлэх сургууль болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-20 16:17:45
Ховд/МОНЦАМЭ/Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын “Эрэн хайх аврах анги”-ийн түүхт 20 жилийн ойн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа энэ оны 06 дугаар сарын 20-ний өдөр аймгийн төв талбайд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог, аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралт болон бусад удирдлагууд, аврах отрядаар овоглосон үе үеийн ахмад ажилтан, албан хаагчид, аврагчид оролцож, Аврах отряд үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэн аймгийн Онцгой байдлын газрын “Эрэн хайх, аврах анги”-ийн бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.
Мөн энэ үеэр Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах анги, Жаргалант сум дахь Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги, Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн бие бүрэлдэхүүний баярын жагсаал болсон юм.

Үүнээс гадна гал түймэр унтраах үед хүч хэрэгслийг цаг алдалгүй төвлөрүүлэн байрлуулах, аврах, гал унтраах анги, тасаг, аврагч, гал сөнөөгчдийн харилцан ажиллагааг сайжруулах, бие бүрэлдэхүүний гал унтраах тактикийн сэтгэлгээ, мэргэжлийн ур чадварыг олон нийтэд сурталчлах зорилгоор “Авто машинд” гарсан гал түймэр унтраах, гал түймрийн тархан дэлбэрэлтийг зогсоох үзүүлэх сургууль зохион байгуулав.
Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах анги нь анх 1998 онд “Аврах отряд” гэдэг нэртэйгээр байгуулагдсанаар өдгөө 20 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд Ховд аймгийн төдийгүй Баруун бүс нутгийн хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын дуудлагаар ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах буянтай үйлсийг байгуулж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа юм.
Түүнчлэн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах анги нь анх 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсанаас хойш одоогийн байдлаар 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж баруун бүсийн хэмжээнд гамшгийн аюулаас хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ