Цаа бугын оторлодог газруудыг тусгай хамгаалалтаас гаргах санал тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 14:10:14

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус Х хуралдаан болж орон нутагт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн шаардлагатай асуудлуудыг аймаг орон нутгийн удирдлагуудад уламжилж өгөхийг сумаас сонгогдсон төлөөлөгч М.Тогтохдэмбэрэлээс хүсчээ.

Тус аймгийн 6 дахь хошуу болсон цааг өвөлд өнтэй оруулахын тулд  цаатан иргэд алслагдсан тайгад оторлон нүүдэг боловч баруун, зүүн тайгын иргэдийн бэлчээрлэн оторлодог газрууд тусгай хамгаалалттай, хилийн бүс нутаг байдаг тул хилчид цаатан иргэдийн дунд асуудал гардаг байна. Иймээс цааны отрын нутгийг тусгай хамгаалалтаас гаргах хүсэлтэй байгаагаа цаатан иргэд уламжилсан байна.

Мөн Цагааннуур сумын доод нуурын ёроолд элдэв хог, замагжилт ихэссэний улмаас  цагаан загасны байршил алдагдаж Дархадын хотгорын жижиг нууруудаар тархсанаас хар галууны идэш болох, хулгайн анчдын торонд өртөх болсон, ажлын байр байхгүй иргэдийн амьдралын түвшин хүндэрч байгаа тул Бяран орчмын газрыг тусгай хамгаалалтаас гарган чулуу ашиглах боломж олгохыг нутгийн иргэд хурлын үеэр онцлон шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ