Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-14 22:06:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлд төрийн өмчид байгаа илүүдэлтэй, ашиглалтгүй 28.1 тэрбум төгрөгийн 68 эд хөрөнгийг хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлэх зохицуулалтыг тусгасан байна. Тогтоолын төслийг баталснаар Дархан-Уул, Баянхонгор, Говь-Алтай, Архангай аймагт нийт 350 хүүхдийн цэцэрлэг байгуулах, Ховд, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулах боломжийг нэмэгдүүлэх, Увс, Ховд, Баян-Өлгий, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ.

Уг асуудлыг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг Эдийн засгийн байнгын хороо гаргасныг гишүүдийн олонх дэмжсэнгүй.  Ийнхүү тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Мөн хуралдаанаар Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ