Дорнодчууд 80 мянга дахь иргэнээ тосч авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-05-14 09:17:54
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнодчууд 80 мянга дахь иргэнээ энэ сарын 10-ны өдөр буюу хаврын адаг сарын шинийн 25-нд тосч авлаа. Монголчууд хүү төрвөл хил манах хүүтэй боллоо, охин төрвөл гал манах охинтой боллоо хэмээн бэлгэшээдэг ард түмэн. Тэгвэл 80 мянга дахь иргэн Сэргэлэн сумын хоёрдугаар багийн малчин Б.Мягмар, Д.Эрдэнэсувд нарын хүү байв.
Хүү 80 мянга дахь иргэн болж байгаагаас гадна 2018 онд тус аймагт төрсөн 700 дахь хүүхэд, мөн ээждээ дархан бэр цолыг дагуулжээ.
Эх хүүхдийн биеийн байдал сайн, хүндрэлгүй амаржсан гэж БОЭТ-ийн Төрөх тасгаас мэдээлж байна. Энэ өдөр тус төрөх тасагт 10 хүүхэд мэндэлснийг 80 мянга дахь иргэний үе чацуутнаар бүртгэлээ.
Дорнод аймгийн хувьд 1990-ээд оны эхээр хүн ам нь 80 мянга давж байсан удаатай ч зах зээлийн хямрал, ядуурлыг дагаад шилжилт хөдөлгөөн, нас баралт өсч, төрөлт буурснаар хүн амын тоо эрс багасчээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ