Дотоодын зах зээлийн багтаамжийг тодорхойлох судалгаа хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-08 17:30:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ./ Баян-Өлгий аймагт Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Баруун бүсэд нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийн хүрээнд зах зээлийн багтаамжийн судалгаа хийхээр болжээ.

Төслийн судалгааны баг энэ өдрүүдэд Өлгий хотод ажиллаж байгаа. Тэрээр баруун бүсийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Сэрчим, төслийн мал аж ахуйн бүтээгдэхүүний асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Ганбат, шинжээч Ө.Эрдэнэчимэг нар статистикийн судалгааны материал цуглуулах 20 иргэнд хоёр хоногийн сургалт явуулж  байна.

Сургалтад хамрагдсан хүмүүс худалдаа, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудаас болон айл өрх, хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс судалгаа авах юм.

Уг судалгаагаар бүс нутаг болон улсын хэмжээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг  бий болгох, дотоодын бараа, бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийн хэмжээг тодорхойлох ажээ.

Ө.Нурболат


Холбоотой мэдээ