“Амар тайван амьдралын төлөө хамтдаа” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-26 17:35:39
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газраас ”Нээлттэй хаалганы өдөр”-ийг Прокурорын газар, Шүүхийн Тамгын газар, Шүүх, шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудтай хамтран Г.Дэмид жанжны талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Цагдаагийн газраас иргэдэд байгууллагын бүтэц зохион байгуулалт, тасаг албадын үйл ажиллагааны чиглэл, хийж хэрэгжүүлж байгаа шинэлэг ажил арга хэмжээг сурталчилж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг, товхимол тарааж, хууль эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.

Мөн Цагдаагийн байгууллагаас дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх сарын хугацаанд зохион явуулж байгаа “Хүүхэд хамгаалал” аяны үйл ажиллагааг иргэдэд сурталчлан, хүүхдийн гэмт хэрэг, осол эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүчирхийлэл дарамтыг илрүүлэх, мэдээлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадал хэвшилтэй болгох чиглэлээр 150 гаруй иргэдэд мэдээлэл, хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн байна.

Арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 20 төрлийн 900 ширхэг санамж сэрэмжлүүлэг, гарын авлагыг тарааж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 иргэнээс санал авч, 120 иргэнд цагдаагийн газрын тасаг албадын үйл ажиллагаа болон хууль эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллажээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ