ХБИС-ийн сургалтын үйл ажиллагааг төрөөс дэмжих шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-24 16:32:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
 
Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим, бүжгийн дунд сургууль нь анх БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар  тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэйгээр байгуулагджээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа нэрээ өөрчилж, 1996 оны арвандүгээр сарын 12-ны  өдрөөс Монгол Улсын  Гэгээрлийн яамны сайдын тушаалаар Хөгжим, бүжгийн коллеж хэмээн нэрлэгдэх болжээ. Харин өнгөрсөн оны долдугаар сарын 24-ний өдөр Засгийн газрын тогтоолоор Хөгжим, бүжгийн их сургууль буюу Консерватор болсон. Сургуулийн материаллаг бааз, багш, боловсон хүчний нөөц, чадвар болон шаталсан сургалтаар бэлтгэсэн үндэсний боловсон хүчин зэргийг нь харгалзан энэхүү шийдвэрийг гаргасан байна.
 
Иймээс УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил мэргэжлийн урлагийн салбарыг хүний нөөцөөр хангах, Монголын урлагийг хөгжүүлэхэд 6-16 жилийн шаталсан сургалтын тогтолцоотой тус Консерваторын сургалтын үйл ажиллагааг төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай байгааг үндэслэн холбогдох хуулийн төсөл боловсруулах асуудлыг судалж үзэх нь зүйтэй хэмээн үзсэний үндсэн дээр байнгын хорооны тогтооолын төсөл санаачилжээ. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулиудын хэрэгжилтийг шалгаж, Консерваторын үйл ажиллагаатай танилцан санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Ундраагаар ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтлоо.
Холбоотой мэдээ