Багш нар санаачлан “Эх хэлний орчин”-г бий болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-04-23 14:38:34
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар санаачлан сургуулийнхаа нэг ашиглагддаггүй талбайг “Эх хэлний орчин” болгон тохижуулжээ. Орчны зураг төсвийг багш нар өөрсдөө гаргаж, мөн тохижилтын ажлыг өөрсдийн хүчээр хийжээ.

Тус орчинг бий болгоход нийт 3,7 сая төгрөг зарцуулсны 2,6 саяыг эцэг эхчүүдийн төлөөллийн хандиваар, 1,1 сая төгрөгийг багш нар өөрсдийн хандиваар бүрдүүлжээ.

“Аливаа улс үндэстний оршин тогтнох хамгийн том дархлаа бол хэл соёл байдаг. Тэр утгаараа ерөнхий боловсролын сургуулийн стандартад эх хэл бол томоохон байр суурь эзэлдэг. Тиймээс манай сургуулийн эх хэлний судлагдахууны багш нар санаачлан сурагчдын эх хэлээрээ бахархах, эх хэлээрээ зөв сайхан бичиж, уншиж сурах дээрээс нь би монгол хүн гэсэн үндэсний үзлийг нэмэгдүүлэх зорилгоор тус эх хэлний орчныг тохижуулаад байна. Бид ямар нэг анги танхимыг бус хүн бүрт нээлттэй байх гэсэн үүднээс нийтийн эзэмшлийн талбайг сонгосон юм. Тэгэхээр нэг анги, нэг сургуулийн багш сурагчид бус манай сургуулиар орж ирсэн хүн бүрт энэ орчин маань нээлттэй байх юм. Мөн сурагчид чөлөөт цагаараа энэ орчинд сууж, хичээл номоо давтах боломжтой” гэж нэгдүгээр БДС-ийн захирал Ц.Оюунжаргал хэллээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ