Хөвсгөл аймгийн Мөрөнд гарсан түймэр нэн аюултай буюу 4 дүгээр зэрэглэлд хүрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-17 18:43:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд энэ сарын 15-нд гарсан түймэр аюултай байдалд хүрчээ. Түймэр Цагаан-Үүр сумын нутаг руу орж сумдын иргэд, Онцгой байдлын албан хаагчид хоёр талаас нь тогтоохыг оролдож байгаа ч салхи ихтэй байгаа тул түймэр хурдацтай тархаж байна. Тус аймгийн ОБГ-ын дарга Ё. Пүрэвсүрэн  "Түймэр юунаас үүссэнийг гал унтарсны дараа байцаагчид тогтооно. Хөвсгөл аймгийн нийт нутгаар цасгүй хуурайшилттай байгаа учраас ой хээрийн түймэр гарсаар байна. Эрдэнэбулган сумаас 60 км-ийн зайтай Горхины эх Ухнатын даваанд энэ сарын 15-ны 20.00 цагийн үед гарсан ойн түймрийг унтрааж чадаагүй гурав дахь өдрөө асч байна. Түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын 36 алба хаагч, орон нутгийн 100 хүн  ажиллаж байна. Түймрийн байдлыг одоогоор  4 дүгээр зэрэглэл буюу түймрийн эрсдэл нэн аюултай хэсэгт Хөвсгөл аймгийн Мөрөн орчмын бүс нутаг хамарч байгаа. Түймрийн 3 дугаар  зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Баянзүрх сум хамарч байна. Дөрөвдүгээр сар гарснаас хойш аймгийн хэмжээнд ой хээрийн 6 түймэр гарлаа" гэсэн тайлбар өгөв. 

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ