Төсөв батлаагүйн улмаас төрийн байгууллагуудын өр 600 саяд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-04-12 15:57:48
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ИТХ 2018 оны төсвөө өнөө хүртэл төсвөө батлаагүй байгаагийн улмаас төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжүүдэд өр үүсч хуримтлагдсаар 600 саяд хүрчээ. Мөн сургууль цэцэрлэгийн багш ажилчид дөрөвдүгээр сарын цалин, өмнөх оны урамшууллаа авч чадахгүйд хүрч, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхгүй зогсонги байдалд ороод байна.

ИТХ нь аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны жилийн төсвийн төслийг батлахгүй байгаагийн улмаас дээрх хүндрэлээс гадна төрийн албан хаагчид, иргэд олон нийтийн эрх ашиг зөрчигдөж, төрийн албаны хэвийн үйл ажиллага доголдох нөхцөл мөн үүсээд байгаа юм. Тиймээс аймгийн Засаг даргын орлогч Т.Амарбаатар ИТХ дахь намын бүлгүүдэд албан хүсэлт гаргаж, энэ сарын 18-ны дотор хуралдаж 2018 оны төсвийн төслийг баталж өгөхийг хүсчээ.

Тэрээр энэ талаар хэлэхдээ “ИТХ даруй хуралдаж, намын бүлгүүд хоорондоо зөвшилцөж төсвөө батлахгүй бол аймаг орон нутгийн ажил үнэхээр хүнд байна. Уг нь ИТХ-ын тавдугаар хуралдаанаар нэн тэргүүнд төсвийн асуудал хэлэлбэх байсан боловч харамсалтай нь өөр асуудал хэлэлцээд, бусад асуудлыг хэлэлцэлгүй завсарлага авсан. Төсөв батлах асуудал бол аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн асуудал. Үүнд дараагийн засаг дарга томилогдож ирэхийг хүлээгэд байх ямар ч шаардлага байхгүй. Намын бүлгүүдийн үл ойлголцол, энэ улс төржилтөөс болж иргэд хохирч байна. тиймээс энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна. бид намын бүлгүүдэд албан хүсэлт хүргүүлсэн. Нааштай хариу ирнэ гэж найдаж байна.” гэв.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ