ХӨВСГӨЛ: Б.Алтанхуягийн гэр бүл орой бүр үлгэр ярьж 60 гаруй мянган үзэгчдэд хүргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нийтийн номын
сангаас номын баярыг “Илүү их уншъя” уриан дор тэмдэглэлээ.
Нийтийн номын сан жилд 33000 иргэнд 60000 гаруй ном, хэвлэлээр тогтмол үйлчилж байна.
Номын баярын үеэр шинэ, хуучин номын худалдаа, солилцоо, уншигчдын
бүтээлийн үзэсгэлэн, гадаад номын үзэсгэлэн гаргав.
Мөн номын баярыг угтан зохион байгуулсан “Номын богц”, “Хамтдаа уншъя гэр бүлийн уншлага” уралдааны шилдгүүдийг тодрууллаа.
Тухайлбал, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 5 дугаар ангийн сурагч А.Хашбат, Мөрөн сумын 2-р цэцэрлэгийн сурагч А.Идэрбат нар номын санд уншигчийн эрх нээлгэж, номын богцоор дамжуулан үлгэрийн ном авч уншдаг.
Үлгэрүүдийг өөрсдөө уншихын зэрэгцээ аав, ээжийнхээ цахим хуудсаараа дамжуулан “Үлгэрийн цаг” нэвтрүүлгийг тогтмол бэлтгэн хүргэж 50 гаруй үлгэрийг 60 гаруй мянган үзэгчдэд хүргэсэн байна.
Энэ нь үлгэрээр дамжуулан хүүхдүүдийн ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, чөлөөт цагаараа ном уншиж, эцэг эхчүүдтэйгээ номын талаар ярилцах ач холбогдолтой, олон гэр бүлийг хүүхдүүддээ үлгэр ярьж өгөхийг уриалсан ажил болжээ.
Мөрөн сумын иргэн Ё.Цэрэнжавын гэр бүл 30 удаагийн номын богцоор 80 номыг
гэртээ авч уншиж, хүүхдүүд нь уншсан номынхоо тухай зураг зурж, тэмдэглэл
хөтөлсөн байна.