“New Shepard” хөлгийг хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-05-20 09:12:33

НЬЮ-ЙОРК, 2024 оны тавдугаар сарын 20. /TASS/. Америкийн “Blue Origin” компани зургаан хүний бүрэлдэхүүнтэй, сансрын дэд тойрог замд /суборбитал/ нислэг үйлдэх “New Shepard” хөлгийг хөөргөжээ. 


Уг хөлгийг Техас муж улсын Ван-Хорн хот орчимд орших сансрын хөлгийн буудлаас ням гарагт орон нутгийн цагаар 09:35 цагт хөөргөсөн байна. Нислэг 11 минут орчим үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд хөлөг 100 км-ийн өндөрт гарчээ. “Blue Origin” компани 2022 оноос хойш анх удаа багийн гишүүдтэй сансрын хөлгийг хөөргөсөн нь энэ юм.


“New Shepard” хөлгөөр Америкийн хөрөнгө оруулагч Мейсон Энжел, Францын шар айраг үйлдвэрлэгч Сильвен Хирон, инженер, бизнес эрхлэгч Кеннет Хесс, ахмад настан Кэрол Шэллер, Энэтхэгийн нисгэгч Гопи Тотакур, мөн АНУ-ын Агаарын цэргийн хүчний ахмад дайчин Эд Дуайт нар аялжээ. Өнгөрсөн зууны 60-аад оны үед НАСА агентлаг Эд Дуайтыг сансрын нислэгт оролцохыг урьж байсан боловч тухайн үед тэрбээр сансарт нисээгүй байна.


Сансрын төхөөрөмжүүд, хүнд даацын зөөгч пуужингууд болон пуужингийн хөдөлгүүр үйлдвэрлэдэг “Blue Origin” компанийг “Amazon”-ы эзэн Жефф Безос 2000 онд байгуулжээ. 

Холбоотой мэдээ