Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-05-20 08:50:38

ТЕХРАН, 2024 оны тавдугаар сарын 20 /IRNA/. Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси тэргүүтэй өндөр албан тушаалтнуудыг тээвэрлэж явсан нисдэг тэрэг Ираны баруун хойд нутагт осолджээ. Одоогоор ослын талаарх тодорхой мэдээлэл алга байна. 


Ерөнхийлөгч И.Раиси ням гарагт Азербайжантай хиллэдэг Ираны хилийн ойролцоо далан нээх ёслолд оролцоод Варзикан муж руу буцаж явах үед нисдэг тэрэг осолджээ. Уг нисдэг тэргэнд Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян, Зүүн Азарбайжан мужийн захирагч Малек Рахмати зэрэг хэд хэдэн хүн сууж явсан байна.


ИРНА агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр, осол гарсан бүс нутаг руу аврах, тусламж үзүүлэх багийг илгээсэн бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Манантай байгаа нь ажиллагаанд хүндрэл учруулж байна.


Дотоод хэргийн сайд Ахмад Вахиди Ираны төрийн мэдлийн телевизэд мэдээлэхдээ, цаг агаарын хүнд нөхцөл байдлаас шалтгаалан эрэн хайх, аврах багийнхан ослын газарт хүрэхэд цаг хугацаа шаардагдаж магадгүй гэлээ. Удахгүй тус багийнхан осол болсон газарт очиж, илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ хэмээн гэдэгт найдаж байгаагаа тэрбээр илэрхийлжээ.


Ослын бүс рүү түргэн тусламжийн автобус, нарийн мэргэжлийн эмч, мэс засалч зэрэг нарыг илгээж, бэртэж гэмтсэн хүмүүст туслахаар ажиллаж байна гэж Эрүүл мэндийн сайд Бахрам Эйналлахи мэдэгджээ.


Ираны Улаан хавирган сар нийгэмлэгийн /IRCS/ ерөнхийлөгч Пир-Хоссейн Куливандын хэлснээр, тус бүсэд ажиллаж буй аврах багийн тоог 20-оос 40 болгож хоёр дахин нэмэгдүүлжээ. Багууд цаг агаарын хүнд нөхцөл байдалтай тулгарч, тус бүсэд очиход хүндрэлтэй байгаа хэдий ч эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.


Тусламжийн баг эрлийн ажиллагаанд дрон ашигласан боловч цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн агаараас эрэн хайх боломжгүй болсон гэж П.Куливанд нэмж хэлжээ. Онцгой байдлын албаны төлөөлөгч Бабак Ектапараст хэлэхдээ, нисдэг тэрэг осолдсон газар руу түргэн тусламжийн найман машин илгээсэн байна. Өтгөн манантай байгаа тул агаараас тусламж үзүүлэх боломжгүй байна.

 



Холбоотой мэдээ