ДОРНОД: Г.Дарамзагдын нэрэмжит олон улсын мэргэжлийн дуулаачдын уралдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-11-17 18:51:27

Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Нэрт хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Г.Дарамзагдын мэндэлсний 95 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал, олон улсын мэргэжлийн дуулаачдын тавдугаар уралдааныг нийслэл хотноо зохион байгуулж байгаа юм.  


Тодруулбал, Монгол Улсын Консерваторын Эрдэм шинжилгээ инновацийн албанаас Г.Дарамзагдын намтар, уран бүтээлийн “Өв судлал” ЭШХ-ыг хийсэн бол олон улсын мэргэжлийн дуулаачдын уралдаанд 40 шахам дуучин оролцож байна. Маргааш энэхүү уралдааны хоёрдугаар шат болно.


Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, хөгжмийн зохиолч Г.Дарамзагд “Нүүдлийн замд” дуурь , “Ленин” – оратори, “Хүн” магтуу-найраглал, “Нэг цэргийн тухай дууль” зэрэг 500 орчим найрал дуу, чуулга, дуу, романс, бүжгийн хөгжим, 200-гаад дууны найруулга хийжээ. Түүнчлэн “Баавгай дуулах уу”, “Гургалдай” хөгжимт жүжиг, киноны хөгжим, “Ардын цэрэг”,  “Өргөн Сэлэнгэ” дууны түүвэр, “Орчлонд бид азтай төржээ” дууны түүвэр, “Монголын сайхан орон” зэрэг сор болсон олон бүтээлийг туурвисан билээ.

Холбоотой мэдээ