СЭЛЭНГЭ: Бүргэдэй хайрхан дээрээс ардын журамт цэргүүд гамингууд руу анх буудаж тулаанаа хийж байжээ

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт орших домог түүх өгүүлсэн “Бүргэдэй хайрхан” уулыг одоогоос 300-гаад жилийн тэртээ 1727-1920-иод оны эхэн үе хүртэл 200 гаруй жил нутгийн халх, буриад зон олон нийлж, ар өвөргүй тахиж, шүтэж иржээ.

 

Энэхүү түүх өгүүлэн дүнхийх Бүргэдэй хайрхан дээрээс 1921 онд ардын журамт цэргүүд гамингууд руу анх буудаж тулаанаа хийж байсан гэдэг. 400 гаруй партизан цэргээс бүрдсэн Монголын ардын журамт цэрэг нь анх “Орхон Сэлэнгийн бэлчир”-т тал талаас нийлэн нэгдэж, Алтан хэмээх газарт буудаллан зэр зэвсгээ хуваарилан байлдааны тактик төлөвлөгөөгөө боловсруулж байсан түүхийг өвөг дээдэс маань дурсан өгүүлдэг юм.

 

Ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумынхан энэхүү түүх өгүүүлэн дүнхийх “Бүргэдэй хайрхан” их уулаа тахих ёслолыг 2 дахь жилдээ зохион байгууллаа.

 

“Бүргэдэй хайрхан” уулыг тахих ёслолыг XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн зуны тэргүүн шаргачин могой сарын шинийн 9-ний лусын буулттай цагаагчин могой өдөр буюу тавдугаар сарын 17-ны Дашнямтай билигт сайн өдөр Алтанбулаг сумын сүсэгтэн олны хандив, сэтгэлийн өглөгөөр зохион байгуулав.

 

Энэхүү уулыг тахих ёслолыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн Жүд дацан, Аграмба А.Баасанням, “Хутагт Асанга Төв”-ийн унзад н.Мөнхбаяр, Ганданданжааллин хийдийн гэсгүй А.Пүрэвням тэргүүтэй лам хуврагууд үйлдлээ.

  

Энэхүү уламжлалт зан үйлийг нутгийн уугуул, суугуул иргэдийн хүсэлтээр дахин сэргээх хүсэлтийг Алтанбулаг сумын 1 дүгээр багийн иргэн, ахмад хилчин, хошууч В.Ганболд 2022 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилснаар 2023 оны 1 дүгээр сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар зөвшөөрч батлан тогтоол шийдвэр гаргаж өгсөн байна.

 

Ингэснээр 100 гаруй жил орхигдсон зан үйлийг дахин сэргээж, 2023 оны зун анхны төрийн тахилга үйлдэн “Бэсрэг” наадам зохион байгуулжээ.  

 

Холбоотой мэдээ