СЭЛЭНГЭ: Алдарт “Шивээ Хиагт” дуу төрөөд 104 жил болжээ
ӨВ СОЁЛ
Сүхбаатар,
2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Үндэсний өв
соёлын баталгаа болсон дурсгал тэр дундаа дуунд зориулсан хөшөө Сэлэнгэ аймагт
4 байдгийн нэг нь “Шивээ Хиагт”
дууны хөшөө юм.
Ардын
хувьсгалын эхний жилүүдэд зохиогдсон орчин үеийн уран зохиолын дээж бүтээл хэмээн үздэг алдарт “Шивээ Хиагт” дуунд зориулсан хөшөөг
Монгол Улсын хойд хилийн үүд хаалга болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ЗДТГ-ын үүдэнд 2006
онд босгожээ.
Энэхүү
хөшөөг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас санаачлан бүтээсэн байдаг.
Тус дууны тухайд, “1921 оны 3-р сарын 18-нд Хиагтыг
гамин цэргээс чөлөөлсний дараа “бөгтөр” хэмээх Ч.Дамдинсүрэнгийн пулемёт
сумангийн цэргүүд амарч суухдаа хувьсгалын тухай дуу хийхээр шийдэн тэдний дунд байсан “цоохор” хочит Гавар бүснээсээ лимбэ
авч хүмүүсийн дунд түгээмэл болсон “Хүрэл сүм” дууг үлээжээ.
Мөн тэнд байсан
Гомбожав “Шивээ Хиагтыг авахад шилэн дэнлүү хэрэггүй” гэх мэтээр нэмж оролдсоор
“Шивээ Хиагт” дууг зохиосон гэдэг ам яриа байдаг.
Улмаар 2021 онд Ардын хувьсгалын 100, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90
жилийн ойгоор МҮОНРТ, ДБЭТ-ын уран бүтээлчидтэй
хамтран суут хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав агсны “Шивээ хиагт” дуурийг
дэлгэцийн цоо шинэ теле дуурь болгон бүтээж телевизийн алтан фондод
хадгалуулсан байна.
Ийнхүү олон түмний дунд ардын дуу болтлоо
танигдсан “Шивээ Хиагт” дуу өдгөө 104 дэх
жилдээ дуулагдаж байна.