ТӨВ: “Өглөөний уншлага” аянд 1000 гаруй сурагч оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-20 11:29:45

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Номын баяр тэмдэглэх тухай" 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Засгийн газрын 295 дугаар тогтоолын дагуу “Номын баяр-2024” өнөөдөр Зуунмод хотноо боллоо.


Номын баяраар сурагчид бий биелгээ хийж, нээлттэй дуулж, “Модон зам” хүүхдийн бүжиг үзэх, танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээнд оролцох, шинэ, хуучин номын солилцоо, худалдааг сонирхох, үндэсний уран бичлэгийн үзүүлбэр, “Босоо бичиг-Бидний бахархал” сэдэвт номын үзэсгэлэнг үзэж сонирхох боломжийг бүрдүүлсэн байв.


Номын баярын талаар Төв аймгийн Нийтийн номын сангийн дарга Б.Зоригтбаатараас тодруулахад, “35 дахь удаагийн номын баярт аймгийн соёл, урлагийн байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулж байна.




Төв аймгийн Нийтийн номын сангийн 80 жилийн ой энэ жил тохиож байна. Үүний хүрээнд “Өглөөний уншлага” аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулсан бөгөөд 11 сумын 50 анги, 1000 гаруй сурагч оролцсон юм. Энэ жил зөвхөн номын баярын хүрээнд хэдэн өдөр тэмдэглээд өнгөрүүлэх бус байнга үйл ажиллагаа зохион байгуулж, аян зарлаж байгаагаараа онцлог. Мөн өнөөдрийн номын үзэсгэлэнд Төв аймгаас төрөн гарсан яруу найрагч, зохиолчдын бүтээл туурвил 11 номыг дэлгэсэн нь иргэдийн сонирхлыг их татаж байна” гэв. 

 

Холбоотой мэдээ