Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-20 11:12:51

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Вьетнам улсын Данан хотод пара таеквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болоход Монголын тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ.


Ес дэх удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн болон Азийн таван удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүний хувьд тивдээ зургаа дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ.


Тэгвэл 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Х.Темирбек тивийн аваргаас анхны медалиа зүүсэн бөгөөд тэр нь хүрэл болж байна. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт У.Сүрэнжав алтан медалийн тавцанд гарлаа.


Тус тэмцээнээс “Парис-2024” паралимпын эрхийн оноо олгох бөгөөд одоогоор манай улсаас Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар паралимпын наадамд оролцох батламжаа авсан байгаа юм.

Холбоотой мэдээ