Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МАНЧЕСТЕР, 2024 оны тавдугаар сарын 20 /ESPN/. Норвегийн хөлбөмбөгчин Эрлинг Холанд “Манчестер Сити” клубт тоглохдоо энэ улиралд 27 гоол оруулснаар Премьер лигийн “Алтан шаахай” шагналыг хоёр улирал дараалан хүртлээ.
Ням гарагт ситичүүд
“Этихад” цэнгэлдэх хүрээлэндээ “Уэст Хэм”-ийг 3:1-ийн харьцаагаар буулган
авснаар улирлын сүүлчийн тоглолтоо “Эвертон”-ы эсрэг хийсэн “Арсенал”-аас хоёр
оноогоор илүүрхэж, дөрөв дэх удаагаа дараалан лигийн аварга болжээ.
Э.Холанд 36 удаа
гоол оруулсан өмнөх улирлын амжилтаа давтаж чадаагүй хэдий ч энэ улиралд 27
гоол оруулснаар “Алтан шаахай”-н төлөөх өрсөлдөөнд Коул Палмерыг /22/ төвөггүй ардаа орхисон байна.
Норвегийн хөлбөмбөгчний энэ улиралд хийсэн зарим тоглолт шүүмжлэлд өртөж байсан бөгөөд “Манчестер Юнайтед”-ын ахлагч асан Рой Кин дөрөвдүгээр сард “Сити” баг “Арсенал”-тай гоол оруулж чадалгүй тэнцсэний дараа түүнийг “2-р лигийн тоглогч” гэж нэрлэж байлаа.
Харин “Сити”-гийн
менежер Пеп Гвардиола дээрх үгийн хариуд хэлэхдээ, Э.Холанд бол “дэлхийн хамгийн шилдэг довтлогч” хэмээн магтаж байсан юм.