Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг маркт мөнхлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-20 13:33:58

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо.


Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ёслолыг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улс түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ойг тохиолдуулан тусгай марк гаргадаг уламжлалтай" хэмээн тэмдэглэсний зэрэгцээ хоёр орны хооронд тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга Лорэн Верли энэ үеэр хэлэхдээ “Манай хоёр улс газар зүйн хувьд алслагдмал хэдий ч олон даваа нугачааг даван, өөрсдийн харилцаа, хамтын ажиллагааг цэцэглэн хөгжүүлсээр ирсэн. Энэхүү марканд хоёр үндэстний уламжлалт хөгжмийн зэмсгийг дүрсэлсэн нь аливаа хуваагдлыг нэгтгэж, эв найрамдлыг бэхжүүлж, цаг хугацааны сорилтыг даван туулах зохицлыг бий болгож байна” хэмээв. 


“Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил” сэдэвт хэлхээ маркт Алтай Таван Богд уулын ноён оргил Хүйтэн /4374 м/, Альпийн нурууны алдартай уулсын нэг Маттерхорн /4478/, монгол цуурч, швейцарын бүрээчид, тэнгэрт дүүлж буй бүргэд, хоёр улсын үндэсний бахархалт бэр цэцэг, цагаан уул цэцэг, 60 жилийн ойн логог тус тус дүрсэлсэн байна. Маркийг бүтээхэд Гадаад харилцааны яамны Европын газар, Швейцарын Холбооны Улсын ЭСЯ, уулчин Б.Гангаамаа, цуурч Б.Наранбат, ахмад дипломатч О.Батсайхан нар мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтран ажилласан аж.


Монгол маркийн 100 жилийн түүхэнд Швейцар Улстай холбогдол бүхий шуудангийн марк анх 1960 онд "Улаан загалмайн нийгэмлэг" сэдвээр гарч байжээ. Энэ хугацаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн шуудангийн холбооны байгууллагын ой, хөл бөмбөгийн ДАШТ, өвөл зуны олимпын тоглолтууд,  агаарын бөмбөлөг, онгоц, төмөр зам, нохой зэрэг сэдэвт марк хэвлэгдсэн байна.


Монгол Улс, Швейцарын Холбооны Улс нь 1964 оны тавдугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоож байв. 


Холбоотой мэдээ