Ус ихтэй аадар борооны давтамж нэмэгдэх тул үерийн бүс дэх айлуудыг нүүлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-20 14:38:54

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ус ихтэй, гэнэтийн аадар борооны давтамж энэ зун нэмэгдэнэ гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.


Иймд үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга Х.Нямбаатар үерийн зохих албаныханд үүрэг болгоод, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцав.


Нийслэлд өнгөрсөн оны 7,8 дугаар сард их хэмжээний бороо орсны улмаас 4 удаа үер болж, 31,6 мянган өрх, 364 барилга байгууламж, 300 гаруй гэр, байшин сууц, 116 аж ахуйн нэгж, байгууллага, 231 тээврийн хэрэгсэл өртсөн. Мөн 21 байршилд гудамж, зам талбай усанд автаж, 74,023 хэрэглэгч цахилгаангүй болсон билээ.


Нийслэлийн Гамшгаас хамгаалах инженер техникийн 9 албанд 279 авто техник, 71 хүнд механизм, 319 багаж хэрэгслийг бүртгэлтэй бөгөөд гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал 68,4 хувьтай байгаа аж.



 

Холбоотой мэдээ