БАЯН-ӨЛГИЙ: Дундаж наслалт улсын хэмжээнд хамгийн өндөр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн иргэдийн дундаж наслалт улсын хэмжээнд хамгийн өндөр байна.
Өнгөрсөн оны судалгаагаар тус аймгийн эрэгтэйчүүдийн дундаж наслалт 72.22, эмэгтэйчүүдийнх 77.38, нийт иргэний дундаж наслалт 75.15 байгаа. Энэ нь улсын хэмжээнд хамгийн өндөр, мөн улсын дунджаас 3.65 насаар илүү үзүүлэлт юм.
Аймгийн иргэдийн дундаж наслалтыг 10 жилийн өмнөхтэй буюу 2013 оныхтой харьцуулахад 2.99 насаар, 20 жилийн өмнөхөөс 8.39 насаар нэмэгджээ.
Дундаж наслалт нэмэгдэхэд иргэдийн амьдралын чанар, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан, хүмүүсийн эрүүл мэндийн боловсролын түвшин ба хоол хүнсний төрөл зүйл нэмэгдсэн, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийг чухалчилдаг болсон, хорт зуршил, архи, тамхины хэрэглээ тодорхой хэмжээгээр багассан зэрэг хүчин зүйл нөлөөлж байна.
Ташрамд, хүн амын статистикийн үндсэн үзүүлэлтүүдийг тооцох
аргачлалаар дундаж наслалт гэж төрсөн (төрөх үеийн) хүүхдийн цаашид
үргэлжлэн амьдрах дундаж хугацааг хэлнэ.