Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц үнийг нэмэх хэрэгтэй гэсэн санал гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-03-31 17:24:09
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц үнийг нэг иргэнээр тооцохдоо одоо байгаа 14.630 төгрөгийг ядаж гурав дахин нэмэх хэрэгтэй. Учир нь  бага орлоготой оронд нэг иргэнд 12 ам.доллар буюу 29.250 төгрөг, дундаж орлоготой оронд 22 ам.доллар буюу 53.600 төгрөг байгаа бол Монгол Улсад 6 ам.доллар буюу 14.630 төгрөг байна. Энэ нь нэг жилийн хугацааны төлбөр.  Үүнийг өөрчилж Монгол Улс 22 ам.доллар луу дөхүүлэх ёстой” гэж “Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжлийн холбоо”-ны ерөнхийлөгч С.Сонин хэллээ. Тэрээр Орхон аймагт анх удаа зохион байгуулагдсан “Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн Х хуралдаан”-ны нээлтийн үеэр хэлсэн юм.
1999 онд Монгол Улсад Өрхийн эрүүл мэндийн төв хувийн хэвшлийн хэлбэрээр байгуулагдаж эрүүл мэндийн тусламж, үйлчлгээг хувийн эмнэлэг, байгууллага  гэрээгээр гүйцэтгэж байжээ. Ингэхдээ нэг иргэнд тооцох зардлын 60 хувийг Азийн хөгжлийн банкаас олгож байгаад яваандаа  ЭМД,  40 хувийг орон нутгийн төсвөөс гаргадаг байсан аж. Гэтэл 2007 оноос нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг 100 хувь улсын төсвөөс  гаргадаг  болжээ. Өнөөдрийн байдлаар 230 өрхийн эрүүл мэндийн төвд нэг жилийн хугацаанд 28 тэрбум төгрөг улсаас олгодог байна. Энэ нь төр өөртөө хэт их ачаалал үүсгэж тусламж, үйлчилгээний чанар, тоног төхөөрөмж, эмч, сувилагчдын цалинг хангалттай сайн өгч чадахгүйд хүрсэн. Зарим эмнэлэг хүн амын тоогоороо санхүүжилтээ нэмж авахын тулд хуурамч бичиг үйлдэх, эмчилгээ, үйлчилгээгээ дутуу үзүүлэх тохиолдол гарч эхэлжээ.
Иймд Өрхийн эрүүл мэндийн үйлчилгээг олон улсын жишигт ойртуулахын тулд  тогтмол зардлыг \халаалт, цэвэр ус, цахилгаан\ тухайн орон нутгийн төсвөөс, тусламж үйлчилгээний багцыг нэг иргэнээр тооцохдоо 2019 оноос улсын төсвөөс, 2020 оноос ЭМД-аас санхүүжүүлэх, түр оршин суугч болон шинээр төрөх хүүхдийн тоог урьдчилан тооцож 5 хувийн санхүүжилтийг мөн орон нутгаас нь шийдэх нь зүйтэй гэж С.Сонин ерөнхийлөгч хэллээ. Ингэснээр Өрхийн эрүүл мэндийн төв нь өрх гэрийн эмч, зөвлөгч байх бүрэн боломжтой гэлээ. Мөн Өрхийн эрүүл  мэндийн төв нь иргэдийн амьдралын хэв маяг, хандлагыг эрүүл амьдрах орчин нөхцөл,  урьдчилан сэргийлэх чиглэлд хандуулах үүрэгтэй болохоос бус нарийн мэргэжлийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх шаардлага байхгүй гэдгийг ч эмч нар дээрх хуралдааны үеэр хэлж байлаа.
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ