Вьетнам улс Монголтой батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2018-03-29 14:10:03
ХАНОЙ. /VNA/. Вьетнам болон Монгол Улс батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломж бололцоогоо хараахан бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна гэж Вьетнамын Батлан хамгаалахын сайд Нго Сюань Лич Монгол Улсаас Вьетнам Улсад суугаа Элчин сайд Д.Билэгдоржийг энэ сарын 28-нд буюу өчигдөр хүлээн авч уулзах үеэрээ мэдэгджээ.

Вьетнамын үндэсний мэдээллийн агентлагийн /VNA/ мэдээлснээр,  хоёр улс болоод хоёр улсын зэвсэгт хүчин хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхийн төлөө Элчин сайд Д.Билэгдорж илүү их хүчин чармайлт гаргана гэдэгт найдаж буйгаа Вьетнамын Батлан хамгаалахын сайд Нго Сюань Лич уулзалтын үеэр илэрхийлсэн байна.

Нго Сюань Лич хэлэхдээ “Зэвсэгт хүчний алба хаагчдыг солилцооны хөтөлбөрт хамрагдуулах, цэргийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хамтран ажиллах зэрэг батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хоёр талын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг ажил хэрэг болгохыг Вьетнамын БХЯ хүсэж байна” гэжээ.

Вьетнам болон Монгол нь 1954 онд дипломат харилцаа тогтоосон улсууд юм.
 
Г.Доржханд



Холбоотой мэдээ