ОХУ орон даяар гашуудал зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-03-28 12:07:41
КЕМЕРОВО. /Спутник/. Энэ сарын 25-нд Оросын Кемерово хотын нэгэн худалдааны төвд гал гарсны улмаас 64 хүн, тэдний дотор 41 хүүхэд амиа алдсантай холбогдуулан лхагва гарагт буюу өнөөдөр улс орон даяараа гашуудал зарлах тухай зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа гэж “Спутник” агентлаг мэдээллээ.

Өнөөдөр Орос орон даяар төрийн далбааг хагас бөхийлгөж байна. Мөн радио телевизийн бүх цэнгээнт нэвтрүүлэг болон зугаа цэнгэлтэй холбоотой бусад арга хэмжээг цуцалсан байна.

В.Путин өчигдөр Кемерово хотод очиж, галд өртсөн “Өвлийн интоор” худалдааны төвийн ойролцоо цэцэг өргөснөөс гадна хайртай дотны хүмүүсээ алдсан иргэдийн төлөөлөлтэй уулзаж, эмгэнэл илэрхийлжээ. Мөн тэрбээр галын шалтгааныг шуурхай, шударга үнэнээр тогтоохыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.

Галын шалтгааныг тогоохоор ажиллаж буй мөрдөн шалгах комиссын ахлагч Александр Бастрыкин хэлэхдээ “Богино холбоос үүссэн, эсвэл ил галын улмаас тус худалдааны төвд гал гарсан байж болзошгүй. Эхний таамаг байх магадлал өндөр байна” гэжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ