МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит "Мэдээний шилдэг сурвалжлагч"-дыг тодрууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-03-06 13:14:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын Мэдээний шилдэг сэтгүүлчид олгодог ур чадварын дээд шагнал болох МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит "Мэдээний шилдэг сурвалжлагч" шагналын эздээр энэ жил NTV телевизийн сэтгүүлч, ахлах редактор М.Батхишиг, "Засгийн газрын мэдээ" сонины сэтгүүлч Б.Баяртогтох, МҮОНР-гийн “Хурд” агентлагийн сэтгүүлч С.Мөнгөнтуяа нар тодорч “Алтан дүрмийн эзэн” цол тэмдэг гардлаа. 

Монгол Улсад хэвлэл мэдээллийн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ой, Үндэсний сэтгүүлзүйн баярын өдөр МСНЭ-тэй хамтран МОНЦАМЭ агентлагаас олгодог “Мэдээний шилдэг сурвалжлагч” шагналыг гурав дахь жилдээ шалгаруулж, "Алтан дүрмийн эзэн" цол тэмдэг гардууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, Ерөнхий редактор Н.Лхагвасүрэн нар оролцсон юм.

Сэтгүүлзүйн амин сүнс болсон мэдээг орчин үеийн стандарт, шаардлага, зарчимд нийцүүлэн биечлэн бэлтгэдэг шилдэг сурвалжлагчид олгодог "Мэдээний шилдэг сурвалжлагч"-аар энэ онд NTV телевизийн сэтгүүлч, ахлах редактор М.Батхишиг, "Засгийн газрын мэдээ" сонины сэтгүүлч Б.Баяртогтох, МҮОНР-гийн “Хурд” агентлагийн сэтгүүлч С.Мөнгөнтуяа нар тодорч, шагналаа гардлаа.



"Телевизийн Мэдээний шилдэг сурвалжлагч"-аар шалгарсан NTV телевизийн улстөрийн албаны сурвалжлагч, тоймч, ахлах редактор Мөнхтогоогийн Батхишиг
нь хэвлэл мэдээллийн салбарт 12 дахь жилдээ ажиллаж байгаа юм. 2006-2008 онд МҮОНТ-ийн “Үдшийн хэмнэл” студид сэтгүүлч, 2008-2010 онд “Монголын мэдээ” өдөр тутмын сонинд Эрэн сурвалжлах албаны сэтгүүлч, 2010 оноос NTV телевизэд сэтгүүлчээр ажиллаж байна. Тус телевизэд “Нэг цонхоор” хэлэлцүүлэг, “Сэтгүүлчийн эрэл” нэвтрүүлэг бэлтгэж байгаад Мэдээллийн албанд улстөрийн “Үндэсний тойм” хөтөлбөрийг долоо хоног бүр бэлтгэн үзэгчдэд хүргэж байгаа юм. Улс төр, нийгмийн өдөр тутмын шуурхай мэдээнээс гадна “Налайхын уурхайн асуудал” цуврал сурвалжлага, “Дачин тамсагийн хаягдал” сурвалжлага, “Үнэт чулууны эрэлд-Дөрвөн бэрхийн агуй” зэрэг олны анхаарлыг татсан томоохон сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдэд хүргэж байжээ. Тэрбээр телевизийн салбарт сэтгүүлчээр ажиллах хугацаандаа нийт 8500 гаруй мэдээ бэлтгэсэн байна. “Алтан дүрмийн эзэн” цол, тэмдэгээр энгэрээ мялаасан тэрбээр97 жилийн түүхтэй Монголын ууган мэдээллийн агентлагийнхаа нэрэмжит шагналыг хүртсэндээ баяртай байна. Мэдээний сурвалжлагчийн төрөлд өмнө нь шагнал гардуулж байгаагүй байх. 2016 оноос энэ төрөлд шилдэг сэтгүүлчийг шалгаруулж эхэлснийг зөв зүйтэй гэж хардаг байсан. Харин энэ шагналыг хүртэнэ гэж бодож явсангүй. Миний хувьд сүүлийн найман жил телевизэд мэдээний сурвалжлагчаар ажиллаж байна. Өдөрт дунджаар гурван мэдээ бэлтгэдэг гэж үзвэл нийтдээ 8000 гаруй мэдээ, сурвалжлагад явсан. Телевизийн мэдээ гэх цаг нар муутай энэ ажилд зүтгэж явахад ар амьдралыг минь хариуцаж, халуун хоол цайтай байлгадаг гэр бүлдээ баярлаж айна. Мөн сэтгүүл зүй, телевизийн салбар багийн ажил амжилтаар явдаг. Багийхандаа болон NTV телевизийхэндээ, сэтгүүлзүйн салбарын нийт хамт олондоо ойн баярын мэнд хүргэе” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 



"Радиогийн Мэдээний шилдэг сурвалжлагч"-аар шалгарсан МҮОНР-гийн “Хурд” агентлагийн сурвалжлагч Сумъяагийн Мөнгөнтуяа нь
1998 онд МУИС-ийг радио сэтгүүлчээр мэргэшин төгсч, Монголын үндэсний радиогийн "Хурд" агентлагт сурвалжлагчаар ажиллаж эхэлснээс хойш 20 дахь жилтэйгээ золгож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд улс төрийн мэдээ мэдээллийг голлон бэлтгэж ирсэн тэрбээр Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын хэлэлцэж байгаа асуудал, батлан гаргасан шийдвэрийг цаг тухайд нь олон нийтэд шуурхай мэдээлж, тойм нэвтрүүлэг бэлтгэдэг радиогийн хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлч билээ. “Алтан дүрмийн эзэн” цол, тэмдэгээр энгэрээ мялаасан тэрбээрМэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит Мэдээний шилдэг сурвалжлагч шагнал гардсандаа маш их баяртай байна. Би Монголын радиогийн "Хурд" агентлагт 20 шахам жил ажиллаж байна. Мэдээний гал тогоонд халуун цэгээс, шуурхай мэдээлэл хүргэхийг зорилго болгож ажилладаг. "Хурд" агентлаг 30 минут тутамд шинэ мэдээлэл өгдөг. Сонсогчиддоо улам илүү шуурхай, үнэн бодитой, тэнцвэртэй мэдээ мэдээллийг хүргэж байх болно. Сэтгүүл зүй үүсэн байгуулагдсан 105 жилийн ойн баярын мэндийг шударга үнэний дуу хоолой болж, нийгмийн түүчээ болж байгаа бүх ган үзгийн эзэддээ хүргэж байна. Хамгийн чухал зүйл бол сэтгүүл зүйн төлөө ёс зүйтэй, хариуцлагатай байж сэтгэл зүрхээ зориулж ажиллаасай гэж бүх сэтгүүлчддээ уриалмаар байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.



"Сонин, сэтгүүлийн Мэдээний шилдэг сурвалжлагч"-аар шалгарсан “Засгийн газрын мэдээ” сонины Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн албаны редактор Батбаярын Баяртогтох нь хэвлэл мэдээллийн салбарт найм дахь жилдээ ажиллаж байгаа юм. 2010-2011 онд ”Ардчилал” сонины Нийгэм, эдийн засгийн албаны сэтгүүлч, 2011-2015 онд “Mongolia Economy” сэтгүүлд сэтгүүлч, 2015 оноос хойш “Засгийн газрын мэдээ” сонинд ажиллаж байгаа тэрбээр “Өсөлттэй зах зээлийн ухралт”, “Граммын эдийн засгийн хаанчлал”, “Экспортын орлогыг тэрбумаар өсгөх боломж”, “Худалдааг туших чөлөөт бүсийн боомт”, “Бодлогын хүүг тодотгох тов ойртлоо”, “Үнийн тогтвортой байдлаас өрхийн төсөв шалтгаална” зэрэг эдийн засаг, уул уурхайн чиглэлийн мэдээ мэдээллийг мэргэжлийн түвшинд бичсэн залуу сэтгүүлч юм. “Алтан дүрмийн эзэн” цол, тэмдэгээр энгэрээ мялаасан тэрбээр “Мэдээ гэдэг өөрөө сэтгүүлзүйн том жанр. Энэ салбарт ажиллаж байгаа залуу үеэ төлөөлөөд МОНЦАМЭ агентлагийн нэр хүндтэй шагналыг авсандаа маш их баяртай байна. Миний хувьд энэ хүндтэй шагналыг авч байгаа найм дахь сэтгүүлч болсон. Эдийн засгийн  чиглэлээр бичээд найм дахь жилдээ болж золгож байна. Сүүлийн үед эдийн засгийн сэтгүүлчид өөрсдөө цаг үеэ дагаад харьцангуй эрэлттэй болж, үүнийг дагаад хэвлэл мэдээллийн байгууллагууд эдийн засаг, бизнес санхүүгийн чиглэлээр тууштай мэргэшүүлэх хэрэгцээ шаардлага үүсч байгаа. Миний хувьд өнгөрсөн хугацаанд эдийн засгийн чиглэлээр дагнан бичиж ирлээ. Цаашдаа "Алтан дүрмийн эзэн" гэх энэ шагналыг улам өндөрт өргөж, хичээн ажиллана гэж бодож байна. Нөгөөтэйгүүр найруулга, зөв бичих дүрэм, агуулгын алдаагүй, чанартай мэдээ бичих өндөр үүргийг надад оногдуулж байгаа байх. Маш их эрч хүч авч байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 



Монголын мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлаг мэдээний шилдэг сэтгүүлчийг урамшуулах эл шагналыг МСНЭ-тэй хамтран ажиллах гэрээний хүрээнд 2016 онд санаачлан бий болгосон  билээ. “Алтан дүрмийн эзэн” шагнал нь сэтгүүлзүйн амин сүнс болсон мэдээг орчин үеийн стандарт, шаардлага, зарчимд нийцүүлэн биечлэн бэлтгэдэг шилдэг сурвалжлагчид олгодгоороо онцлогтой бөгөөд Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа телевиз-радио, сонин-сэтгүүл, мэдээллийн сайт гэсэн гурван төрлөөс жил бүр шалгаруулан шагнаж байхаар тогтсон юм.

Анхны "Алтан дүрмийн эзэд"-ээр Gogo.mn цахим сайтын сэтгүүлч Г.Одгарав, "Үндэсний шуудан" сонины сэтгүүлч С.Гандөл, "Eagle" телевизийн сэтгүүлч Э.Наранцэцэг нар тодорч байсан бол 2017 онд “25-р суваг” телевизийн Мэдээллийн албаны сэтгүүлч Г.Мөнхтуул, мэдээллийн “Itoim” цахим хуудасны сэтгүүлч Г.Улсболд, гэрэл зурагчин Б.Бямба-Очир нар шалгарч байсан билээ.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ